МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр                                                                                Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

21.3 дугаар зүйл.Худал орчуулах, хэлмэрчлэх

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв орчуулах, хэлмэрчлэхээ илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал орчуулсан, хэлмэрчилсэн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хууль, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

21.5 дугаар зүйл.Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх

1.Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                   

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

1.15.“орчуулагч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг;

1.28.“хэлмэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг;

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

 

54 дүгээр зүйл. Шүүх хуралдаанд оролцогч

54.1.Шүүх хуралдаанд оролцогчийг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэргийн болон бусад оролцогч гэж ангилна.

54.2.Шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч, хэргийн оролцогчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг бусад оролцогч гэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

 

60 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч

60.1.Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг захиргааны хэргийн шүүгч захирамж гарган томилно.

60.2.Орчуулагч,хэлмэрч захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай цаг хугацаанд нь танилцахад туслах үүрэгтэй.

60.3.Орчуулагч,хэлмэрч нь орчуулгыг тодруулахаар асуулт тавьж болно.

60.4.Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч,хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.

60.5.Санаатайгаар буруу орчуулсан,хэлмэрчилсэн, эсхүл орчуулга хийхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан хэлмэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

 

7 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг

7.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно.

7.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.

7.3.Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй.

7.4.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.

/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

 49 дүгээр зүйл. Орчуулагч,хэлмэрч

 49.1.Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч,хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч,хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.

 49.2.Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй.

 49.3.Орчуулагч,хэлмэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх үүрэгтэй.

 49.4.Орчуулагч,хэлмэрч санаатайгаар буруу орчуулж, хэлмэрчилбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 49.5.Хэргийн оролцогчийн өөрөө сонгосон орчуулагч, хэлмэрчээс бусад шүүхээс томилогдсон орчуулагч, хэлмэрч нь эрх бүхий байгууллагаас орчуулгын ажил эрхлэх зөвшөөрөл авсан байна.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

 /Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

54 дүгээр зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох

54.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:

 54.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр;

 54.1.2.шинжээч, орчуулагч,хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;

 54.1.3.мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;

 54.1.4. бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр.

54.2.Зардлыг шүүхээс заасан улсын төсвийн дансанд тушаана.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

            101 дүгээр зүйл. Орчуулагч,хэлмэрчийн үүргийг тайлбарлах

101.1.Шүүх хуралдаан даргалагч орчуулагч,хэлмэрчид түүний үүрэг, буруу орчуулж, хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны

өдрийн 171 дүгээр тушаалын хавсралт

 

 

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР

 

Арван гурав. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх

13.1.Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана.

13.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдол бүхий баримт бичгийг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно.

13.3.Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн гэрчилж болно.

13.4.Нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг дараахь тохиолдолд гэрчлэхгүй.Үүнд:

13.4.1.гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй;

13.4.2.тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол.

13.5.Нотариатч шаардлагатай гэж үзсэн зарим баримт бичгийн хуулбарын 1 хувийг архивт хадгалахаар авч үлдэж болно.