МЭНДЧИЛГЭЭ

      Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны нийт гишүүд, орчуулгын салбарт ажиллаж байсан, ажиллаж буй үе үеийн орчуулагч эрхэм хүндэт нөхөд өө!

Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбоо анхлан байгуулагдахдаа эх болсон Монгол хэл, соёлоо дээдлэн хамгаалах, ард иргэдэд орчуулгын албан ёсны нийтлэг үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилго тээсэн хэсэг бүлэг орчуулагчид нэгдэж байсан бол одоо хэдий нь 1000 гаруй орчуулагчдыг эгнээндээ нэгтгэсэн өнөр бүл болжээ. Үүнийгээ дагаад гишүүдийнхээ ур чадвар, ёс зүй, нийтлэг эрх ашгийг хамгаалах асуудлаас гадна гишүүдээ хооронд нь холбох, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх зэрэг олон ажил биднийг хүлээж байна. Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбооны гишүүн, орчуулагчид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж гадаад, дотоодын олон байгууллагуудтай түншилж, нарийн мэргэжлийн орчуулга тэр дундаа төрийн дээд хэмжээний орчуулга, олон улс дамнасан төсөл хөтөлбөр, иргэн, эрүү, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, прокурорын хяналт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүлээн зөвшөөрөгдөн ажиллаж байна.

Орчуулагч нь орон орны хүмүүсийг хооронд нь ойлголцуулж,  соёлыг түгээж, холбож, дэлхий хүн олныг хооронд нь танилцуулдаг билээ. Орчуулга гэдэг шинжлэх ухаан, танин мэдэхүй, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хамаарч, дэлхийн олон үндэстнийг холбох гүүр байсаар ирсэн. Орчуулагч нь дээрх хариуцлагыг ухамсарлан ойлгож, аливаа баримт, зохиогчийн санаа, мэдээ мэдээллийг гуйвуулалгүй, алдаагүй зөв, бодитой орчуулах нь орчуулагчдын тэмүүлэл байх учиртай.

Улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны урсгал улам бүр нэмэгдэж буй өнөө үед орчуулагч Та бидний үүрэг оролцоо улам бүр өссөөр байгааг тэмдэглэхэд таатай байна. Нийт гишүүд, орчуулагч нартаа талархал илэрхийлж, ажил бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

Монголын Мэргэшсэн Орчуулагчдын

Хөгжлийн Холбооны Тэргүүн Б.СЭНГЭЭ