ММОХХ-ны Удирдах зөвлөлийн

2017 оны 5 -р сарын 15-ний өдрийн 01 тоот

тогтоолын 1-р хавсралт

 

ОРЧУУЛАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1. Дүрмийн зорилго

Орчуулагч мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино. Энэхүү дүрэм нь Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн холбооны гишүүнд хамаарна.

2. Ёс зүйн зөрчил

Орчуулагч нь үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх, асуудалд бодитой, ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, үнэн зөв орчуулах, мэргэжлийн болон холбооны нэр хүндийг эрхэмлэхийг удирдлага болгон ажиллана.

Дээр дурдсан хэм хэмжээнээс гадна орчуулагчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд нэгэн адил хамаарна.

Хоёрдугаар зүйл. Мэргэшил, ёс зүйн зөрчил

1. Орчуулагч нь үйлчлүүлэгчийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, нийгмийн гарал, байдал зэрэг аливаа хэлбэрээр ялгаварлахыг хориглоно.

2. Орчуулагч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим мэдээ, мэдээллийн сүлжээнд Холбоо, түүний гишүүдийн нэр хүндэд харшилсан, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх аливаа хэлбэрийн мэдээлэл байршуулах, үйлчлүүлэгчийн орчуулуулсан баримт материалыг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад түгээх, үйлчлүүлэгчийн нууцыг задруулахыг хориглоно.

3. Орчуулагч хараат бус байдлыг эрхэмлэнэ. Аливаа ярианы болон бичгийн орчуулга хийхдээ үйлчлүүлэгчийн ятгалга, шахалтад орж үндсэн баримт материалын агуулгыг өөрчлөх, гуйвуулах зэргээр зориуд буруу орчуулахыг хориглоно.

4. Орчуулагч нь үйлчлүүлэгчийн орчуулгыг алдаагүй, үнэн зөв, чанартай гүйцэтгэх үүрэгтэй. Өөрийн мэргэжил, ур чадвар, туршлага нь тухайн орчуулгыг хийхэд хангалтгүй гэж үзвэл татгалзах үүрэгтэй. Энэ байдлыг мэдсээр байж нуун дарагдуулж, тухайн орчуулгын үйлчилгээг эрхлэхийг хориглоно.

Орчуулагч нь өрсөлдөгч, эсхүл хоорондоо хууль хяналтын байгууллагад маргаантай байгаа иргэн, байгууллагын аль аль талд орчуулгын үйлчилгээ үзүүлэх тохиолдолд талуудад энэ тухай мэдэгдэх үүрэгтэй.

5. Орчуулагч нь үйл ажиллагаагаа явуулах үедээ бусдад хүнлэг бус хандах, нэр хүндийг нь гутаасан үйлдлийг гаргахгүй байх, өөрийн үг яриа, үйлдлээр бусдыг үл хүндэтгэсэн байдал гаргахгүй байх үүрэгтэй.

6. Орчуулагч орчуулгын үйл ажиллагаа эрхлэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглоно.

7. Орчуулагч нь ММОХХ-ны гишүүний үнэмлэх, гэрчилгээ, баталгааны тэмдгийг албан үүрэгтэй холбоогүй аливаа бусад этгээдэд ашиглуулах, барьцаа болгон үлдээхийг хориглоно.

8. Баталгааны тэмдэг /тамга/-г өөрийн хийсэн орчуулгыг илэрхийлсэн бичвэр хэсгийг багтаан дарж, гарын үсэг зурахаар зориулсан баталгааны тэмдгийн цэгэн хэсэгт гарын үсгээ зурж баталгаажуулна.

9. Холбооны дүрэм болон Удирдах зөвлөлөөс гаргасан бусад эрх зүйн актад заасан гишүүний үүргийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн.

Гуравдугаар зүйл. Хариуцлага

1. Орчуулагч энэхүү дүрмийг зөрчсөн бол ММОХХ-ны дүрэм болон энэ дүрэмд заасан сахилгын хариуцлага хүлээнэ.

2. Ёс зүйн зөрчил гаргаснаас хойш 1 жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.

3. Орчуулагч ёс зүйн зөрчил гаргасан боловч түүний хор уршиг, үр дагаврыг арилгах боломжтой гэж Сахилгын зөвлөл үзвэл орчуулгын үйл ажиллагаа эрхлэхийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. Эрх түдгэлзүүлсэн тохиолдолд ажлын үнэмлэх, гэрчилгээ, баталгааны тэмдгийг ММОХХ-нд хураалгана.

4. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, орчуулагчийн хувьд мэргэшсэн орчуулгын үйл ажиллагаа явуулах боломжгүй, чадваргүй болсон гэж дүгнэсэн, түүнчлэн эрх түдгэлзүүлсэн хугацаанд хор уршиг, үр дагаврыг арилгаагүй бол орчуулгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгоно.

5. Орчуулагч нь орчуулгын үйл ажиллагаандаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас үйлчлүүлэгч болон бусад этгээдэд учруулсан гэм хор, хохирлыг өөрөө хариуцна.

6. Сахилгын зөрчилд хяналт тавих, хянан шийдвэрлэх, сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий Сахилгын зөвлөл ММОХХ-ны дэргэд ажиллана. Сахилгын зөвлөлийн эрх зүйн байдал, бүрэлдэхүүнийг ММОХХ-ны дүрмээр тодорхойлно.

Дөрөвдүгээр зүйл. Хүчин төгөлдөр болох

Энэхүү дүрэм нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болно.