(1963 онд Дубровник хотод болсон Их хурлаар баталж,

1994 оны 7 сарын 9-ний өдөр Осло хотод нэмэлт өөрчлөлт оруулсан)

Oрчуулагчийн дүрэм

Орчуулга ард түмтүүдийн хооронд оюун санааны болон материаллаг солилцоог боломжтой болгож, амьдралыг улам баяжуулан хүмүүс хоорондын ойлголцлыг илүү сайжруулахад хувь нэмэр оруулж байгаагаараа өнөөдрийн дэлхий нийтийн амьдралд байнгын, олон талт, зайлшгүй үйл ажиллагаа болсныг; болон

гүйцэтгэгдэж байгаа янз бүрийн нөхцөл байдлаасаа үл хамаарч биеэ даасан тусдаа мэргэжил болсныг хүлээн зөвшөөрөх ёстойг Олон улсын орчуулагчдын холбоо

тэмдэглэн

орчуулгын мэргэжилтэй салшгүй холбоотой тодорхой ерөнхий зарчмуудыг албан ёсны бичиг баримт болгон гаргахыг, ялангуяа түүний дотор:

- орчуулгын нийгэмд гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэхийг,

- орчуулагчийн эрх үүргийг тодорхойлохыг,

- орчуулагчийн ёс зүйн дүрмийн үндсийг тавихыг,

- орчуулагчийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн нөхцөл болон нийгмийн орчинг сайжруулахыг, болон

- орчуулагчдын болоод тэдний мэргэжлийн байгууллагын мөрдөх тодорхой ёс зүйн дүрмийг батлахыг, түүнчлэн үүгээр орчуулга бол тусдаа биеэ даасан мэргэжил мөн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг

зорьж

толилуулж буй дүрмийг орчуулагчийн мэргэжлийн үйл ажиллагааны удирдах зарчим болгон тунхаглаж байна.

 

I Хэсэг

ОРЧУУЛАГЧИЙН НИЙТЛЭГ ҮҮРЭГ

1. Орчуулга нь утга зохиол, шинжлэх ухаан, техникийн эх бичгийг нэг хэлнээс нөгөөд хөрвүүлэх зорилготой оюуны үйл ажиллагаа болохын хувьд өөрийн өвөрмөц үүрэг хариуцлагыг орчуулга хийгчдэд оногдуулдаг.

2. Захиалагчтай холбож буй гэрээний шинж чанар ямар байхаас үл хамааран орчуулагч хэзээд зөвхөн өөрөө хариуцаж орчуулгыг хийнэ.

3. Орчуулагч өөрийн санал нийлдэггүй, эсвэл мэргэжлийнхээ үүрэгтэй харшилсан өнгө аяс орчуулгадаа оруулж болохгүй.

4. Орчуулга бүр нарийн оновчтой, эх зохиолын санаа, хэлбэрийг яг илэрхийлсэн байх ёстой ба ийнхүү нягт нямбай байх нь орчуулагчийн ёс суртахууны болоод хууль зүйн үүрэг хариуцлага болно.

5. Гэхдээ нарийн оновчтой байна гэдгийг үгчилсэн орчуулгатай андуурч болохгүй бөгөөд орчуулгын нягт нямбай байдал өөр хэл, өөр улсад хүлээн зөвшөөрдөг өвөрмөц хэлбэр, нөхцөл байдал, илүү гүн утга санаагаар илэрхийлэгдэж болохыг үгүйсгэхгүй.

6. Орчуулагч хүн орчуулга хийх хэлийг сайтар эзэмшсэн байх ёстой ба ялангуяа орчуулан буулгаж авах хэлний мэргэжилтэн байх ёстой.

7. Орчуулагч хүн ерөнхий мэдлэг сайтай, орчуулах сэдвийн мэдлэг хангалттай байх ёстой бөгөөд өөрийн мэдлэг чадвараас хэтэрсэн ажил авахаас түдгэлзэх ёстой.

8. Өөрийн үүргийг гүйцэтгэхдээ орчуулагч аливаа шударга бус өрсөлдөөнөөс түдгэлзэнэ, тухайлбал хийсэн ажилдаа тэнцсэн хөлс нэхэмжлэх ёстой ба хууль журмаар тогтоосноос доогуур хөлс авч болохгүй.

9. Өөрийг нь эсвэл мэргэжлийг нь гутаасан нөхцөл байдалтай ажлыг орчуулагч эрж хайх,  хүлээн авах явдал гаргаж болохгүй.

10. Өөрт нь даалган өгсөн ажлын явцад олж авч болох ямар ч мэдээллийг орчуулагч мэргэжлийн нууц хэмээн үзэж захиалагчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэнэ.

11. Орчуулагч хүн “хоёрдугаар” зохиолч болохынхоо хувьд эх зохиолын зохиолчийн талаар онцгой үүрэг хариуцлагыг хүлээх шаардлагатай.   

12. Орчуулагч эх зохиолын зохиолчоос эсвэл эрх эзэмшигчээс уг материалыг орчуулах зөвшөөрөл заавал авах, түүнчлэн зохиолчийн эзэмшдэг бусад бүх эрхийг хүндэтгэх ёстой.

 

II Хэсэг

ОРЧУУЛАГЧИЙН ЭРХ

13. Гүйцэтгэсэн орчуулгын ажлынхаа хувьд орчуулагч өөрийнх нь орон бусад оюуны хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлдэг бүх эрхийг бүрэн хэмжээгээр эдэлнэ.

14. Орчуулгын ажил оюуны бүтээл болохын хувьд тийм бүтээлд оногдуулдаг хуулийн хамгаалалтад байна.

15. Өөрийн орчуулсан бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч учир орчуулагч эх зохиолчийн эдлэх бүхий л онцгой эрхийг нэгэн адил эдэлнэ.

16. Ийм учраас орчуулагч өөрийн орчуулсан бүтээлийн хувьд эх зохиолчид олгодог өвлүүлэх ёс суртахууны бүхий л эрхийг эдэлнэ.

17. Үүний үр дүнд орчуулагч бүхий л амьдралынхаа туршид өөрийн орчуулсан бүтээлийн зохиогчийн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй бөгөөд түүний дотор:

(а) орчуулгыг нь олон нийтэд зориулан хэвлэх бүр орчуулагчийн нэр тодорхой, ямар ч хоёрдмол утгагүйгээр дурдагдаж байх;

(б) орчуулгыг нь өөрчилж, гажуудуулж засварласан тохиолдол бүрийг орчуулагч эсэргүүцэх;

(в) орчуулагчаас урьдчилан зөвшөөрөл аваагүй бол хэвлэн нийтлэгчид болон бусад хэрэглэгчид орчуулгад аливаа өөрчлөлт оруулж болохгүй;    

(г) орчуулгыг нь аливаа байдлаар буруугаар ашиглахыг орчуулагч хориглох эрхтэй бөгөөд ерөнхийдөө өөрийн алдар, нэр хүндэд хохирол учруулахуйц аливаа дайралтыг эсэргүүцэх эрхтэй.

18. Түүнээс гадна, орчуулгыг нь хэвлэн нийтлэх, танилцуулах, радио телевизээр нэвтрүүлэх, дахин орчуулах, хялбарчлан засах, өөрчлөх эсвэл ондоогоор хэрэглэх зэргээр ямар ч хэлбэрээр ашиглах явдлыг зөвшөөрөх онцгой эрхийг орчуулагч хадгална.

19. Орчуулгыг нь олон нийтэд зориулан ашигласан тохиолдол бүрээс орчуулагч гэрээ хэлцэл эсвэл хуульд заасан хэмжээгээр мөнгөн урамшуулал авах эрхтэй.

 

III Хэсэг

ОРЧУУЛАГЧИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН НИЙГМИЙН БАЙДАЛ

20. Орчуулагч өөрт оногдсон нийгмийн даалгаврыг үр дүнтэй, нэр хүндтэйгээр гүйцэтгэх боломжийг хангахуйц амьдралын нөхцөлөөр хангагдсан байх ёстой.

21. Ажил нь амжилт авчирсан тохиолдолд орчуулагч өөрийн хувийг хүртэх ёстой ба ялангуяа орчуулсан ажлын арилжааны орлогоос хувь тэнцүүлсэн мөнгөн урамшуулал авах эрхтэй.

22. Орчуулга захиалгат ажлын хэлбэрээр гүйцэтгэгдэж болох бөгөөд орчуулсан ажлын арилжааны орлогоос үл хамааран мөнгөн урамшуулал хүртэх эрхтэй болдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

23. Улс бүхэнд орчуулагчийн мэргэжил бусад мэргэжлийн адил хамтын тохиролцоо, стандарт  гэрээ хэлцүүдийн замаар тухайн оронд бусад мэргэжилд үзүүлдэгтэй адил хэмжээний хамгаалалт эдлэх эрхтэй.

24. Аль ч орны орчуулагчид оюуны хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлдэг давуу эрхүүдийг, тухайлбал өндөр насны тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн тэтгэлэг, хүүхдийн тэтгэмж зэрэг бүхий л хэлбэрийн нийгмийн халамжийг эдлэх эрхтэй.  

 

 

 

 

IV Хэсэг

ОРЧУУЛАГЧДЫН НИЙГЭМЛЭГ, ХОЛБООД

25. Бусад мэргэжил эзэмшигчдийн адил орчуулагчид мэргэжлийн нийгэмлэг, холбоодыг байгуулах эрхтэй.

26. Эдгээр байгууллага орчуулагчдын ёс суртахууны болон материаллаг сонирхлыг хамгаалахын дээр орчуулгын стандартыг сайжруулах, мөн орчуулгатай холбоотой бусад бүх асуудлыг шийдэх үүрэгтэй.

27. Эдгээр байгууллага өөрийн мэргэжилтэй  холбоотой хууль зүйн арга хэмжээ болон дүрэм журмыг бэлтгэн боловсруулах асуудлаар олон нийтийн засаг захиргааны байгууллагад хандаж ажиллана.

28. Өөрсдийн нийтлэг асуудлыг судлах, шийдэл олох зорилгоор эдгээр байгууллага орчуулгыг хэрэглэгч (хэвлэлийн байгууллагуудын холбоод, үйлдвэрлэл худалдааны байгууллагууд, олон нийтийн болон хувийн компаниуд, хэвлэлүүд гэх мэт) байгууллагуудтай байнгын харьцаа тогтоохыг чармайн ажиллана.

29. Орчуулагчдын нийгэмлэг, холбоод өөрийн оронд орчуулагдсан бүх ажлын чанарт хяналт тавин соёлын байгууллагууд, зохиолчдын эвлэл, ПЭН Клубийн үндэсний салбарууд, утга зохиолын шүүмжлэгчид, шинжлэх ухааны нийгэмлэгүүд, их дээд сургуулиуд, шинжлэх ухаан, техникийн судалгааны хүрээлэнгүүдтэй холбоо тогтоон ажиллана.

30. Орчуулагчдын нийгэмлэг, холбоод орчуулагч болон орчуулга хэрэглэгчдийн хооронд үүссэн бүхий л маргааныг шийдвэрлэхэд эрх бүхий шинжээч, хөндлөнгийн таслан шүүгч байна.

31. Орчуулагчдыг ажилд авах, сургах үйлд  орчуулагчдын нийгэмлэг, холбоод зөвлөгөө өгөх эрхтэй бөгөөд энэхүү зорилгоор мэргэшсэн байгууллага, их дээд сургуультай хамтран ажиллана.

32. Орчуулагчдын нийгэмлэг, холбоод мэргэжлийн чиглэлээр сонирхсон мэдээллийг бүхий л эх сурвалжаас олж цуглуулан орчуулагчид ашиглахад зориулж номын сан, бичиг баримт, сэтгүүл, товхимлын хэлбэрээр гаргах ба мөнхүү зорилгоор онол практикийн мэдээллийн үйлчилгээ, уулзалт семинар зохион байгуулна.

 

V Хэсэг

ОРЧУУЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛОН ОЛОН УЛСЫН ХОЛБОО

33. Аливаа оронд бүс нутгийн болон бусад ангиллын үндсэн дээр бий болсон орчуулагчдын хэд хэдэн бүлэг байгуулагдсан тохиолдолд тэдгээр байгууллагын хувьд өөрсдийн тус тусын өвөрмөц онцлогийг хадгалахын зэрэгцээ үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулах үндэсний төв байгууллага байгуулах нь зүйтэй.

34. Орчуулагчдын нийгэмлэг, холбоод хараахан байгуулагдаагүй улс орны орчуулагчдад өөрсдийн хүчийг нэгтгэн өөрийн улсын хууль тогтоомжийн хүрээнд ийм байгууллага байгуулахаар ажиллахыг зөвлөж байна.

35. Дэлхийн төвшинд хамтран зүтгэж зорьсон зорилтдоо хүрэхийн тулд үндэсний орчуулагчдын холбоодыг Олон Улсын Орчуулагчдын Холбоонд (Fédération internationale des traducteurs [FIT]) нэгдэхийг уриалж байна.

36. Орчуулагч хүн үндэсний холбоондоо өөрийн сайн дурын үндсэн дээр нэгдэх ёстой ба тэдний холбоо Олон улсын орчуулагчдын холбоонд нэгдэх явдал мөн адил байна.

37. Олон улсын орчуулагчдын холбоо олон улсын хэмжээнд орчуулагчдын эд материалын болон ёс суртахууны эрх ашгийг хамгаалж, орчуулгын онол практикийн асуудлаар гарч буй дэвшилтэй хөл нийлүүлэн, дэлхий дахинд соёл иргэншлийг түгээн дэлгэрүүлэхэд чармайн ажиллана.

38. Олон улсын орчуулагчдын холбоо олон улсын хэмжээнд орчуулагчдыг төлөөлөх, ялангуяа, төрийн болон төрийн бус мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсын хэмжээнд орчуулагчдын болон орчуулгын сонирхлыг илэрхийлсэн уулзалтуудад оролцох, орчуулгыг нийтлэх, орчуулгатай буюу орчуулагчидтай хамаатай асуудлуудыг авч хэлэлцэх хурлуудыг зохион байгуулах эсвэл зохион байгуулахад туслах замаар эдгээр зорилтыг хэрэгжүүлнэ.

39. Ерөнхийдөө, Олон улсын орчуулагчдын холбоо улс бүрийн орчуулагчдын холбоодын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд гаргаж тэдний хүчин чармайлтыг зохицуулан нийтлэг бодлогоо тодорхойлно.

40. Орчуулагчдын эв санааны нэгдмэл байдал, даян дэлхийд соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлс болоод улс үндэстнүүдийн бие биенээ илүү сайн ойлголцоход хувь нэмэр оруулдаг орчуулгын эрхэмсэг чанар зэрэг нь орчуулагчдын үндэсний байгууллагууд болон тэдний төв байгууллага Олон улсын орчуулагчдын холбоо мэргэжлийн зорилтдоо хүрэхэд шаардлагатай эрч хүч мөн.

 

Англи хэлнээс хөрвүүлсэн Б. Эрдэнэбилэг.

              ММОХХолбооны гишүүн